Хаа сайгүй гоонь эрчүүд. Гудамжаар дүүрэн ганц бие бүсгүйчүүл. Паб, баар, ресторанд ороод, анзаараарай. Нэг бол хэсэг залуус эсвэл бөөн хүүхнүүд нэг ширээнд сууцгаана. Мэдээж тус тусдаа. Бүсгүйчүүл илүү олон ажиглагддаг нь тэд их ууж иддэг болсных юм уу аль эсвэл эрчүүдээс их мөнгө олоод байна уу, эсрэгээр эрчүүдийн мөнгийг үрж явна уу, чөтгөр бүү мэд. Хамгийн сонин нь тэрхүү хэсэг залуусын ярианы гол сэдэв нь сэтгэлд таарах, эхнэрээ болгочих эмэгтэй олдохгүй байгаа тухай байх юм. Гэтэл яг хажуугийн ширээнд нь суугаа бүсгүйчүүл олигтой залуу улаан номонд орсон амьтан мэт ховордож дандаа “хөгийн юмнууд” үлдсэн тухай ярьж бухимдацгаана. Эсвэл гайгүй, аятайхан, дажгүй гэсэн эрчүүд нь бараг бүгдээрээ “эзэнтэй” байдаг тухай шогширч “Эхнэртэй байсан байгаа юм даа” хэмээн уурлаж, улмаар “Ийм байхад бид яаж нөхөрт гарах юм бэ?! Энэ хорвоог ганцаараа туулнаа, яадгиймбэ. Муусайн эрчүүд бүгд гахайнууд ш дээ” гэдэгтээ тулан хундага тулган халамцана. Тэгсэн мөртлөө хаалгаар ганцаараа орж ирсэн залуус руу харц шидэж, хамтдаа орж ирсэн хосуудын бүсгүй рүү “Чи найз залуутай байж болоод байхад би яагаад болдоггүй юм бэ?! Чи надаас юугаараа илүү юм бэ?!” гэсэн харцаар шилбүүрдэнэ. Гэтэл бүлэг эрчүүд хажуугийн ширээний ганц бие, сув сул, чөв чөлөөтэй, энгэр нь зав задгай бүсгүйчүүлийг анзаараагүй мөртлөө хосуудын бүсгүй рүү “Нэг ийм эхнэртэй болчихвол ч амьдрал жигдэрлээ дээ” гэсэн харцаар шүлэнгэтнэ. “Аваагүй байхад авгай сайхан” эсвэл “Хүний эхнэр хөөрхөн” гэдэг зүйр үгс зүгээр ч нэг бий болоогүй бололтой. Зовлонг нь ойлгодог болохоор тэр ч юм уу, гон бие гозон толгойнууд чинь найзуудаа хооронд нь танилцуулнаа, бас болоогүй.
Харамсалтай нь найзуудын танилцуулсан хүмүүс дунд нэг олигтой юм байхгүй. Яагаад гэвэл тэд чиний биш өөрсдийнхөө нүдээр хараад байгаа учраас тэр. Ялангуяа энэ тал дээр эмэгтэйчүүдийн санал болгож буй эрэгтэй эмэгтэй хэнбугайд ч найдлага тавиад хэрэггүй. Эмэгтэй хүмүүст “хөөрхөн”, “сайхан”, “гоё”, “сайн” гэдэг тэмдэг нэрүүд эсрэг утгаараа хэрэглэгддэг юм шиг байна билээ. Цаадуул чинь ингэнэ. -Хүүеэ, чи одоо хэдий болтол ганцаараа явах гэсэн юм бэ? Хөгширлөө ш дээ. Ерөөсөө би чамайг нэг хүнтэй танилцуулнаа. Естой хөөрхөн охин (эсвэл сайхан залуу) бий.” гэнгүүт хачин сайхан амьтан байх нь дээ гэсэн асар өндөр хүлээлт төрнө. Уулзлаа. Бурхан минь, төсөөлснөөс хамаагүй царай муутай юм сууж байгаа юм чинь. Эмэгтэй хүмүүст найзууд, дотно танилууд нь бүгдээрээ хөөрхөн, сайхан харагддаг юм шиг байгаа юм. За ээж аавын санал болгодог хүмүүс бол бүр дэмий. Зайлуул, “Эхийн санаа үрд үрийн санаа ууланд” гэдэгчлэн амьд сэрүүн байгаа дээрээ хань ижилтэй, сайхан амьдралтай болохыг нь үзэхийг хүсдэг байх л даа. Ялангуяа ээж нар хүүдээ их санаа зовно. Гоонь эр байсаар байгаад нь гайхна. Гомо юм биш байгаа гэж элдвийн юм бодно. Эсвэл “тэрний ч хүүхэдтэй суу, энэний ч охинтой гэрлэ” гээд л санал болгоно. “Тэдэн давхрын тэдний охин үгүй мөн сайн охин шүү. Шатан дээр зөрөх болгондоо надтай мэндлэнэ. “Сайн байна уу?” гээд цахилгаан шатны товч дарж өгнө” гэх мэтийн юм ярина. Нэг орцонд амьдардаг улс байна, мэнд усаа мэдэлцэлгүй яахав дээ, энэ чинь. Мэнд мэдсэнээрээ л амьдралын асар том шалгуурыг давчихаж байна шүү дээ. Эсвэл “Тэрний хүү харахад нүдэнд дулаахан, сайхан хүү шүү. Миний охин тэрэнтэй нэг яриад үзээч“ гэнэ. Тэднийхээр бол “Ээж намайг чамтай ярь гэсэн. Чи намайг өдөхгүй юм уу?” гэх юм байна л даа. Нөгөөх нь бараг таарах болгонд архи үнэртүүлчихсэн л явж байна. Эвтэйхэн яриад үгэнд нь орохгүй болохоор өөр аргаар үзнэ, тэд нар чинь.
“Хүүхэд уйлахаараа, хөгшид үхэхээрээ айлгана” гэгчээр “Хөгшин хонины насгүй боллоо. Амьд дээр минь ачийн зулай үнэрлүүлээд аль” гэж ялархана. Зарим нь бүр нулимс дуслуулна гээч. Эсвэл гэнэт цочтол ёолж, зүрхээ дарна. Амьд дээр нь ачийн зулай үнэрлүүлэхийн тулд хүүхэдтэй болох юм гэнэ. Нөхөр эсвэл эхнэр болох хүн нь сэтгэлд нийцэх, цаашид таарч тохирох эсэх, хүүхэд эцэг эсвэл эхгүй өсөх тухай асуудал огт падгүй. Ээж аавын үед ч яахав бараг шахуу хурал хийгээд л чи энэнтэй суу, чи тэрэнтэй унт гээд л асуудлыг дор нь шийддэг, нөгөө хэд нь ч гэсэн тэрэнтэйгээ эвлэрчихсэн байсан байх. Одоо нэгэнт цаг тийм биш болохоор хүүхдүүд нь сөрнө дөө. “Та нарын үе өнгөрсөн, мэдэв үү!!! Тэр эхнэр, нөхөр гэдэг чинь чанаргүйгээсээ чанартай хүртэл нь жагсаачихсан байдаг дэлгүүрийн бараа юм уу? Хэрэв тийм бол би одоохон гараад зээл аваад ч хамаагүй хамгийн сайн чанартай Calvin Klein брэндийн нөхөр эсвэл Victoria’s Secret брэндийн эхнэр аваад ирье” энэ тэр гээд цамнаж өгнө. Энэ бүхний эцэст аав ээж нэг юм ойлгоно. Ойлгох ч гэж дээ. Нэг хэсэгтээ чимээгүй болно. Гэхдээ бас гандан буурахгүй ээ. Өрөөний хаалгаар гарахын өмнө лаг өрөвдөлтэй царай гаргаснаа “Миний хүү (эсвэл охин) хөөрхөн ач (эсвэл зээ) гаргаад өгвөл ээж нь зүгээр л өсгөөд өгчихнө, за” гэнэ. Худлаа шд. Яг цагаа тулсан чинь “Хүүхдээ дандаа л над дээр авчраад хаячих юм. Миний өмнөөс хүүхэд гаргаад өгчихсөн юм шиг. Ёооёо, нуруугаар хатгаад, даралт ихсээд хэрэг алга. Хэзээ хийсэн үйлийн лай вэ...” энэ тэр гээд л үглэнэ. За тэр ч яахав. Үргэлж аав ээжийн үгийг дагана гэвэл бүтэхгүй. Заримдаа аав ээжийн үед байсан бол амар ч юм шиг санагддаг юм. Хайртай майртай гэж огт дурсахгүй байж байгаад гэрт нь ирж нэг хоноод л ... пад ... маргааш нь шууд эхнэртэй болчихно. Тэр нь бүр жирэмсэн шүү. Эсвэл аман хуур муур үлээсхийгээд л гэр бүл зохиочихно. Амархан ч байж дээ. Худлаа гэвэл “Аман Хуур” гэдэг киног үзээрэй л дээ, залуусаа. Тэр кинон дээр гар утасгүй үед сэтгэлтэй бүсгүйгээ гэрээс нь хэрхэн дуудах мөн дуу хөгжмөөр эмэгтэй хүнийг яаж “панаалдах” тухай үзүүлсэн байгаа. Ганц бие байх хэцүү.
Эмээ, ээж, эгч нар “Үгүй, чи хөгширлөө. Хүнтэй сууж, хүүхэдтэй болоочээ. Хүүхэд чинь хэнзэдлээ” гэж үглэн, “дауны синдром” ярьж айлгана. Найз нар “Зургаадугаар ангид орсон эсвэл цэцэрлэгт явдаг хүүхдүүдээ дагуулж ирж “далдуур” дарамтлана. Цагаан сар, Шинэ жил гэх мэт баяруудаар хамаатнуудаараа айлчлахад “Чи одоо жил болгон ганцаараа ирж золгох юм. Дараа жил хүнтэй ирээрэй” гэж тушаал буулгана. Валентин, Мартын 8, Шинэ жил гэх мэт хосууд, гэр бүлийн баяруудаар ганцаараа тэнэг юм шиг гэгэлзэнэ. Уул нь бид хэнээр ч хэлүүлэлтгүй сайн хүнтэй учирч, аз жаргалтай амьдрахыг хүсдэг мөртлөө яагаад эхнэр авч, нөхөрт гарахгүй байгаа юм бол? Интернэт, кино, гадаадад сурах, аялах, ажиллах боломж, мэдээлэл гээд юм үзэж, нүд тайлах бололцоо нэмэгдэхийн хэрээр бие биедээ тавих шалгуур өндөрсөөд байна уу? Аль эсвэл цөвүүн цаг ирж, хүний чанар муудаад, хэн хэндээ итгэхэд хэцүү болоод байна уу? Бурууг бусдаас биш өөрөөсөө хай гэдэг үг бий. Бид яагаад байдаг юм бол? Юу нь болохгүй байна? Энэ асуултын хариуг олох гэж олон ном, өгүүлэл, сэтгүүл, зөвлөгөө уншлаа. Кино үзлээ. Интернэт ухлаа. Хүмүүстэй ярилцлаа. Судалгаа авлаа. Сонирхолтой, мэдүүштэй олон зүйлийг олж мэдлээ. Хайж байсан асуултынхаа хариуг ч оллоо. Хүмүүс бид биологийн бүтээгдэхүүн. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие хаа, харагдах байдлаараа ондоо. Эмэгтэй хүн юутай байхад эрэгтэй хүнийх товгор том биш. Эрэгтэй хүн юутай байхад эмэгтэй хүнд яг тийм юу байдаггүй. Биологийн ялгаа гэдэгт хүмүүсийн үйлдлийг удирдаж байдаг тархи багтана. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тархи ондоогоор програмчлагдсан учраас аливааг бодож сэтгэх, ойлгож хүлээж авах, мэдрэх, санаагаа илэрхийлэх, ярих, хайрлах, халамжлах гээд ер нь бүхий л тал дээр тэс ондоо. Энэ номонд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаатай байдлыг тайлбарласан байгаа.
Тэрхүү ялгаагаа ойлгож, хүлээн зөвшөөрч, түүнд нь тохируулан “найрч” харьцдаггүйгээс болж шинэхэн танилцсан залуус биесээ буруу ойлгож, таарч тохирч болох байсан хосууд хоёр тийш болж, эхнэр нөхрүүд салж сарнидаг. Энэ ном танд ийм байдалд орохгүй байх үнэтэй зөвлөгөөг өгнө. Гарчигны “найрах” гэдэг үгнээс зөвхөн шинэхэн хосуудад зориулсан ном байна гэж бүү бодоорой. Дөнгөж танилцаад байгаа залуус эндээс эсрэг хүйстнийхээ талаар олон шинэ зүйлийг мэдэж, ирээдүйд гаргах олон алдаанаас зайлсхийнэ. Харин үерхэж буй хосууд найз залуу, бүсгүйдээ оноо авах цөөнгүй аргыг мэдэж авч түүгээрээ гэр бүл болох замаа шулуун дардан болгоно. Аль эрт гэрлэсэн архаг хосууд нэгийн хэвийн, “уйтгарт” амьдралын хэв маягаа өөрчилж, хайраар дүүрэн, бат бөх харилцааг бий болгож, эхнэртээ бас Зөвхөн нөхөртөө баяр баясгалан, аз жаргал, сэтгэл хангалуун байдлыг бэлэглэсээр байх аргыг эндээс олно.
Энэ номыг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцааны боловсролд зориуллаа. Эсрэг хүйстнээ “найрах” гэж байгаа ганц бие уншигч та болон хос хоёр энэ номыг уншсаны дараа харилцаагаа эрүүл, сонирхолтой, ойлгомжтой болгох алхамуудыг туршин хийж, зуршил болгон үлдсэн амьдралаа улам аз жаргалтай болгоно гэдэгт эргэлзэхгүй байна. Уншигч та эсрэг хүйстнийхээ ялгааны эх сурвалжийг ойлгосноор үл ойлголцолгүй, хайраар дүүрэн, бат бөх харилцааг бий болгохоос гадна хамтрагчаа удирдаж, тэднээс хүссэнээ авах болно. Бие биенээ ойлгодог, салж сарнилгүйгээр, аз жаргалтай, насан туршдаа амьдрах хосууд улам олон болох болтугай.