Энэ номыг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцааны боловсролд зориуллаа. Эсрэг хүйстнээ “найрах” гэж байгаа ганц бие уншигч та болон хос хоёр энэ номыг уншсаны дараа харилцаагаа эрүүл, сонирхолтой, ойлгомжтой болгох алхамуудыг туршин хийж, зуршил болгон үлдсэн амьдралаа улам аз жаргалтай болгоно гэдэгт эргэлзэхгүй байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бид эсрэг хүйстнийхээ ялгааны эх сурвалжийг ойлгосноор үл ойлголцолгүй, хайраар дүүрэн, бат бөх харилцааг бий болгохоос гадна тэднийг удирдаж, тэднээс хүссэнээ авах болно. Уншигч танд амжилт бас аз жаргалыг хүсье. Та амар сайхандаа жаргах болтугай.
Эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо зөвхөн харагдах байдлаараа бус оюун ухаан, зүрх сэтгэлээрээ ялгаатай. Гэтэл олон эрчүүд эмэгтэйчүүдтэй эрэгтэй хүнтэй харьцаж байгаа юм шиг харьцах гэнэ. Бүсгүйчүүл ч гэсэн эрчүүдээс эмэгтэй хүний гаргах зан ааш, хариу үйлдлийг хүлээнэ. Энэ нь эсрэг хүйстнүүдийн үл ойлголцлын гол эх үүсвэр болдог. Дотны хүнээ буруу ойлгосноор бид харьцаагаа өөрийн мэдэлгүй сүйтгэдэг. Эмэгтэйчүүд “Хариуцлагаас зайлсхийсэн өөдгүй амьтадын нэг шив дээ” гэж бодож байхад эрчүүд “Эрх чөлөөг минь хязгаарлаж, толгой дээр минь гарч сууж, намайг өөрчлөх гэсэн шулмуудын нэг байна” хэмээн буруугаар ойлгодог. Энэ номонд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаатай байдлыг тайлбарласан байгаа. Тэрхүү ялгаагаа ойлгож, хүлээн зөвшөөрч, түүнд нь тохируулан “найрч” харьцаагүйгээс болж шинэхэн танилцсан залуус биесээ буруу ойлгож, таарч тохирох байсан хосууд хоёр тийш болж, эхнэр нөхрүүд салж сарнидаг. Гарчигны "найрах" гэдэг үгнээс зөвхөн шинэхэн хосуудад зориулсан ном байна гэж бүү бодоорой.
Дөнгөж танилцаад байгаа залуус эндээс эсрэг хүйстнийхээ талаар олон шинэ зүйлийг мэдэж, ирээдүйд гаргах алдаанаас зайлсхийнэ. Харин үерхэж буй хосууд найз залуу, бүсгүйдээ оноо авах цөөнгүй аргыг мэдэж, амьдралынх нь хань мөн болохоо батлан харуулж, гэр бүл болох замаа шулуун дардан болгоно. Бас бидний амьдралын хэв маяг жилээр биш сараар өөрчлөгдөж байгаа өнөө үед амьдралын ханиа хайж олох, түүнийгээ танихын тулд болзох арга барил, улмаар эхнэр нөхрөө сонгох шалгуураа хэрхэн өөрчлөх хэрэгтэйг хэлж өгнө. Аль эрт гэрлэсэн архаг хосууд нэгэн хэвийн, “уйтгарт” амьдралаа өөрчилж, хайраар дүүрэн, бат бөх харилцааг бий болгож, эхнэртээ бас нөхөртөө баяр баясгалан, аз жаргал, сэтгэл хангалуун байдлыг бэлэглэсээр байх аргыг энэ номноос олно. Заяаны ханийг тань заагаад өгөх ном гэж байхгүй. Харин энэ ном таныг зөв хүн рүү чиглүүлэх болно.